Бидний тухай
Эрхэм хөрөнгө оруулагч, зах зээлийн мэргэжлийн оролцогч, харилцагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын хөрөнгийн бирж үүсч, хөгжсөний 35 жилийн ой 2026 онд тохиож буй энэ цаг үед бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж нь зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлж, ил тод байдлыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхмуудыг тууштай хэрэгжүүлж ирлээ.
2025 онд Монголын хөрөнгийн бирж нийт 850 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа гүйцэтгэж, зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрсэн түүхэн амжилтыг үзүүллээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн шинэчлэл, дата төвийн хүчин чадлыг олон улсын стандартад нийцүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлүүдэд бодит ахиц гаргасан он байлаа.
Цаашид бид хөрөнгийн зах зээлийн цар хүрээг тэлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын IPO-г дэмжих, зах зээлийн оролцогчдын итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Манай хамт олон ил тод, тогтвортой, өрсөлдөх чадвартай зах зээлийг улам төгөлдөржүүлэх зорилгын төлөө бүх талуудтай нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлье.