ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг зохион байгуулдаг.
Энэ сарын танхимын сургалтад 32 суралцагч хамрагдаж, гурван өдрийн хөтөлбөрөөр дараах агуулгын хүрээнд мэдлэг мэдээллээ баяжууллаа.

Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго
Финтек ба крипто валют
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай
Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
Багц бүрдүүлэлтийн талаар
МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц
Бататгах давтлага
Сургалтын төгсгөлд биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: "Юуны өмнө өнөөгийн завгүй, хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд өөрсдөдөө цаг гарган, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар судалж, мэдлэгээ нэмэгдүүлэхээр зорьж ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын хөрөнгийн биржийн зүгээс иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, компанийн мэдээлэл, өдөр тутмын ханш болон арилжааны мэдээллийг зөв ашиглаж, өөрсдийн шийдвэртээ бодитоор хэрэглэж чаддаг болоосой гэсэн зорилгоор энэхүү сургалтуудыг зохион байгуулдаг.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн өнгөрсөн 35 жилийн түүхийг эргэн харахад бидэнд сургамж болохуйц олон зүйл бий. Тухайлбал, 1991 оноос эхэлсэн өмч хувьчлалын хүрээнд 400 гаруй аж ахуйн нэгжийн хувьцааг иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлэх замаар өмч хувьчлалын шинэ тогтолцоог эхлүүлсэн. Гэвч иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, мэдээлэл хангалттай байгаагүйгээс уг үйл явцын үр өгөөжийг бүрэн хүртэж чадсан иргэд харьцангуй цөөн байсан.
Энэ түүх бидэнд нэг чухал зүйлийг харуулдаг. Иргэн өөрийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг ойлгож, түүнтэй холбоотой мэдээллийг зөв ашиглаж, өмчөө хэрхэн удирдах талаар мэдлэгтэй байх нь чухал юм.

Ялангуяа төр засгийн шийдвэр гаргах түвшинд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаатай холбоотой асуудал, төрийн өмчит компаниудын засаглал, нээлттэй компанийн тогтолцоонд шилжих үйл явцын талаар ид яригдаж буй энэ цаг үед иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтоо улам нэмэгдүүлэх шаардлагатай үүсч байна.
Хэрэв иргэдийн эзэмшиж буй 1,072 хувьцаа хоёрдогч зах зээлийн арилжаанд орж, зах зээлийн зарчмаар арилжаалах боломж бүрдвэл та бүхэнд захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломж нээгдэхийн зэрэгцээ зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэх, арилжааны идэвх сэргэх, хөрөнгийн зах зээлийн цар хүрээ тэлнэ" гэдгийг онцолсон.
Түүнчлэн "Энэхүү сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ зөвхөн сонсоод өнгөрөх бус, цаашид өөрийн санхүүгийн шийдвэр гаргалтад ашиглаж хэвшээсэй гэж хүсэж байна.Та бүхний цаашдын ажил үйлс, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад амжилт хүсье" хэмээгээд суралцагчдад сертификатийг гардуулсан юм.
Сургалтыг үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.
ҮЦЗЗ-ийн анхан шатны сургалтыг цахимаар үзэх бол энд дарна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ