MSE
Бусад мэдээ

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-09-29

Энэхүү уулзалт, сургалт нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.

Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх зорилгоор сургалт, судалгаа болон хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Энэ хүрээнд тус холбооны Өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл өнөөдөр (2026.09.29) Монголын хөрөнгийн биржид зочилж, хөрөнгийн зах зээл болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар мэдээлэл, танилцуулга авлаа.

Зочдод МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр, УУБАБГ-ын ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох хууль, журам” сэдвээр тус тус танилцуулга хийв.

Энэ үеэр Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Санжаалхамтай цөөн хором ярилцлаа.

Тэрээр “Бидний хүсэлтийг хүлээн авч, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэнд талархаж байна. Өмгөөлөгчдийн хорооноос хуульч, өмгөөлөгчдөө тодорхой чиглэлээр мэргэшүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн сургалтаар энэ зорилгын суурь тавигдаж, өргөн хүрээний, үр өгөөжтэй мэдээлэл авлаа.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд ашиглах стандарт загварын гэрээг боловсронгуй болгох, худалдагч, худалдан авагч талуудад гэрээ байгуулахын өмнөх үе шатнаас нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь чухал гэж харж байна.

Түүнчлэн талуудын хооронд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргаан гарсан тохиолдолд даамжруулахгүйгээр зардал, чирэгдэл багатай шийдвэрлэх, маргаан үүссэн ч арилжааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой процесс, механизм бүрдүүлэхэд хуульч, өмгөөлөгчдийн санал, мэргэжлийн дэмжлэг шаардлагатай. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бүрэн боломжтой” гэв.

Монголын хуульчдын холбоо болон Монголын хөрөнгийн бирж 2023 оны 09 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан бөгөөд энэхүү уулзалт, сургалт нь талуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮД БИРЖИД ЗОЧИЛЛОО · Монголын Хөрөнгийн Бирж