MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЖ, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ СУДЛАГДАХУУН КОМПАНИАР СОНГОГДЛОО

2026-10-09

Тус тэмцээний судлагдахуун компаниар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн компани сонгогдсон юм.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн "MSE hall"-д өнөөдөр (2026.10.09) Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлт боллоо.

Тус тэмцээн нь олон улсад 21, Монгол Улсад 11 дэх жилээ зохион байгуулагдаж байгаа ба Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг нь мэргэжлийн стандартыг дээшлүүлэх, дараа үеийн санхүүгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх зорилготойгоор тус тэмцээний цар хүрээг амжилттай тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга С.Дашдорж нээлтийн үгэндээ:

“CFA Research Challenge тэмцээн нь өнгөрсөн онд дэлхийн 121 улсад зохион байгуулагдсан. Яг одоо Монгол Улсад зохион байгуулагдах тэмцээнд дотоодын 6 их сургуулийн 11 баг өрсөлдөхөөр бүртгүүлж, энэхүү танхимд хүрэлцэн ирсэн байна.

“CFA Research Challenge" олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо маш чухал. Энэ жил “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК (TDB Securities), “Райнос Инвестмент ҮЦК” ХХК (RHINOS Investment) ,“Апекс Капитал ҮЦК” ХХК (Apex Capital) “Гүүдсек ҮЦК” ХХК (GoodSec) “Балансэд Грөүт Менежмент” ХХК (BGM Asset Management) зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр хамтран ажилллаж буйг дуулгахад таатай байна. Та бүхний дэмжлэг тусламжаар олон оюутан залуус бодитой мэдлэг туршлагыг олж авах болно.

Мөн судлагдахуун компаниар сонгогдон, хамтран ажиллах шийдвэр гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн компанийн удирдлагад талархал илэрхийлье” гэв.

"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ:

Монголын хөрөнгийн биржид зочлон ирсэн эрхэм та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны түрүүнд CFA Research Challenge-ийг Монгол Улсад зохион байгуулж эхэлсний 11 жилийн ой, МХБ үүсч хөгжсөний 35 жилийн ой тохиож буй энэ онцгой жил тус тэмцээний судлагдах компаниар МХБ сонгогдсон явдалд компанийн нийт удирдлагууд, албан хаагчдын нэрийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийлье.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2020 оноос хойш Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгийн санаачилгыг дэмжин жил бүр "CFA Research Challenge" тэмцээний ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж ирсэн.

Дэлхийн хамгийн том санхүүгийн шинжээчдийн байгууллага болох CFA institute-ээс зохион байгуулдаг Research Challenge тэмцээний Монгол улс дахь шалгаруулалтыг зохион байгуулах энэхүү үйл явц нь:

  • Их дээд сургуулийн шилдэг оюутнуудад санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвараа бодит байдлаар хэрэгжүүлэх дадлага туршлага олж авах боломж олгодгоороо онцлог төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц санхүүгийн удирдагчдын дараагийн үеийг тодруулж, алдаршуулах шилдэг тэмцээн.

  • Ирээдүйн мэргэжлийн хөрөнгө оруулагч, судлаач, шинжээчдийг бэлтгэх үйл явцад зохих хувь нэмэр оруулах,

  • Хөрөнгийн зах зээлийн талаар судалгаа, шинжилгээний бүтээлийн цар хүрээг нэмэгдүүлэх,

  • Хөрөнгө оруулагчдыг зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах чиглэлүүдэд тодорхой хувь нэмэр оруулах зорилгыг чухалчлан, дэмжиж ажиллахдаа таатай байдаг.

Тиймээс дараа дараагийн жилүүдэд ч энэхүү уламжлалыг таслахгүй үргэлжлүүлэх, өмнөх амжилтуудаа бататган шинэ шатанд гарах үйл явцыг зохих хэмжээгээр дэмжин ажиллахаа илэрхийлье.  

Ингээд өнөөдөр энэ танхимд хуран цугласан Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгийн төлөөллүүд болон уралдаанд оролцох нийт баг хамт олонд амжилт хүсье" гэв.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ