MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЧИКАГОГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БОЛОН ФИЛЛИП КАПИТАЛ ГРУППТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ВОРКШОПЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-10-23

Энэхүү арга хэмжээ нь МУ-д үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, зах зээлийн ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикаго хотод төвтэй Си Эм И Групп (CME Group) болон Сингапурт төвтэй олон улсын санхүүгийн үйлчилгээний Филлип капитал (PhillipCapital Group)-тэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн цахим воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Воркшопын эхэнд МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан биржийн үйл ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар танилцуулга мэдээлэл хүргэв. 

Монгол Улс нь нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын томоохон олборлогч, экспортлогч орны хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамаардаг. Иймд үнийн хэлбэлзлээс үүдэх эрсдэлийг бууруулах, зах зээлийн оролцогчдод эрсдэлээ удирдах боломж бүрдүүлэх зорилгоор фьючерс болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. 

Энэхүү хэрэгцээ, шаардлагын хүрээнд зохион байгуулсан хоёр өдрийн сургалтад Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл, Эрдэнэс Таван Толгой, Эрдэнэт үйлдвэр, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори зэрэг 58 байгууллагын 130 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Воркшопын эхний өдөр Си Эм И Группийн Ази Номхон далай бүс хариуцсан захирал Рассэл Бэти группийн түүхий эдийн зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа, клирингийн тогтолцоо, харилцагч талын эрсдэлийн удирдлага, зах зээлийн зохицуулалт, үнийн хэлбэлзлийн хязгаар болон CME Globex цахим арилжааны системд ашигладаг эрсдэлийн хяналтын арга хэрэгслүүдийн болон бүс нутагт хэрэгжүүлж бүй төслүүдийн талаар мэдээлэл хүргэн Филлип Капитал Групптэй хамтран Узбекистан, Виетнам улсууд Фьючерсийг нэвтрүүлэх дээр хамтран ажиллаж байгаа талаар ярьлаа. 

Хоёр дахь өдөр спот, форвард болон фьючерс хэлцлийн ялгаа, тэдгээрийн практик хэрэглээ, фьючерсийн зах зээлээр дамжуулан олон улсын зах зээлийн бирж дээрх үнээр ил тод, борлуулагч худалдан авагч хоёр талын эсрдлийг биржийн клирингээр дамжуулан хамгаалж, эрсдлийг удирдах, үнийн эрсдэлийг удирдах арга механизм, фьючерсийн үнэ биет түүхий эдийн зах зээлийн жишиг үнэ бүрдэхэд үзүүлэх нөлөө, улмаар Засгийн газар орлого төвлөрүүлэх, төсөв бүрдүүлэлтийг урдчилан тооцох зэрэг сэдвүүдийг авч үзлээ. Түүнчлэн зэсийн фьючерсийн арилжаа, олон улсын зэсийн үнэ болон жишиг үнэ тогтох механизм, биет нийлүүлэлт, чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаар өргөн хүрээний мэдээлэл, туршлага солилцов. 

Үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх нь худалдагч, худалдан авагч болон бусад оролцогчдод үнийн эрсдэлээ удирдах боломж олгохын зэрэгцээ зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, бодитой үнэ бүрдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Ийнхүү олон улсын туршлага, мэдлэгийг дотоодын зах зээлийн оролцогчдод хүргэсэн тус воркшоп нь Монгол Улсад үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох, зах зээлийн ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ЧИКАГОГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БОЛОН ФИЛЛИП КАПИТАЛ ГРУППТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ВОРКШОПЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА · Монголын Хөрөнгийн Бирж