MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-10-13

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2026.10.13) “ЛэндМН ББСБ” ХК-иас олон нийтэд санал болгож буй "Лэнд бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Х.Эрдэнэбүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "ЛэндМН ББСБ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, “Би Ди СЕК ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж болон албаны бусад төлөөллүүд оролцсон юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Х.Эрдэнэнбүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

"ЛэндМН ББСБ" ХК нь 2018 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгосон төдийгүй өнгөрсөн хугацаанд биржээр дамжуулж нээлттэй хүрээнд нийт дөрвөн удаа, биржийн бус зах зээлээр дамжуулж хаалттай хүрээнд, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад гурван удаа тус тус өрийн хэрэгслийг санал болгосон.

Түүнчлэн 2022 он анх удаа ХБҮЦ-ыг амжилттай арилжиж, нийт 55.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн туршлагатай компани юм.

Энэ удаа 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, нийт 20 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үндсэн үйл ажиллагаа буюу зээл олголтыг санхүүжүүлэхэд зарцуулахаа Үнэт цаасны танилцуулгадаа тодорхой тусгажээ.

Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид аа,

Та бүхнийг хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож, санхүүгийн дэвшилтэт технологийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн дотоодын тэргүүлэгч байгууллагуудын нэг “Лэнд МН ББСБ” ХК-ийн “Лэнд БОНД” өрийн хэрэгслийн арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн тус компанийн нийт хамт олонд баяр хүргэж, бондын арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсч, анхдагч зах зээлийн арилжаа нээснийг мэдэгдье” хэмээн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:

“Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд зах зээлд арилжаалагдаж буй бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ болон оролцогчдын идэвх нэмэгдэж байна. Энэ нь зохицуулагч байгууллагын бодлого, зохицуулалтын арга хэмжээ үр дүнгээ өгч байгаагийн илрэл хэдий ч зах зээлийн хөгжилд зах зээлд оролцогчдын идэвх, оролцоо мөн чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 30 гаруй хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Ялангуяа энэ хугацаанд шинээр IPO хийгдээгүй нөхцөлд уг үзүүлэлтэд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл болон компаниудын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Түүнчлэн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг тогтмол орлоготой өрийн хэрэгслийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, энэ онд нийт 870 гаруй тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.

Өнөөдөр ЛэндМН ББСБ-аас олон нийтэд санал болгож буй “ЛэндБонд” нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа амжилттай тэлж буй  комданийн өрийн хэрэгсэл юм. Тус компанид олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт хийсэн нь компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, цаашдын өсөлт, хөгжлийн боломж, цар хүрээг илтгэх чухал үзүүлэлт гэж үзэж байна” хэмээн тодотголоо.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр:

“ЛэндМН ББСБ ХК-ийн тав дахь удаагийн нээлттэй бондын арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ зорилгын хүрээнд 2024 оноос эхлэн санхүүжилт авах боломж хязгаарлагдмал жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, барьцаа хөрөнгө шаардахгүй, уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг харилцагчдадаа санал болгож байна.

Бидний хувьд энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн санхүүжилт олгох төдий бус, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар бид 20 гаруй мянган бизнес эрхлэгчид санхүүжилт олгоод байна. Тэдгээрийн 30 орчим хувь нь санхүүжилт авснаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэгээс гурван шинэ ажлын байр бий болгосон бол харилцагчдын 92 хувийнх нь борлуулалтын орлого 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд өнөөдөр энэхүү бондын арилжаагаар дамжуулан татан төвлөрүүлж буй 20 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд зарцуулах болно” хэмээн онцолсон юм.

“Би Ди СЕК ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж:

“Манай компанийн хувьд “ЛэндМН ББСБ” ХК-тай хамтран ажилласан хэд хэдэн шалтгаантай. Тус компани нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, компанийн засаглалын зарчмыг хэрэгжүүлж буй байдал нь бидний хамтын ажиллагааны чухал үндэс болсон.

Түүнчлэн тус компани өмнө нь дөрвөн удаа бонд гаргаж, эргэн төлөлтийг амжилттай гүйцэтгэсэн, мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн шаардлагыг хангаж, гадаад эх үүсвэрээс санхүүжилт татан төвлөрүүлсэн туршлагатай нь бидний хамтран ажиллах шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн.

Ингээд “ЛэндБонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье” хэмээн хэллээ.

Үйл ажиллагааны төгсгөлд “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр энэ өдрийн үнэт цаасны арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ