MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА

2026-09-17

Тус хөтөлбөр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шатны хөгжлийн суурийг тавьж, технологийн шинэчлэл, олон улсын интеграци, давхар бүртгэл болон хөрөнгө оруулалтын урсгалыг нэг стратегийн хүрээнд уялдуулсан урт хугацааны хамтын ажиллагааны замын зураг болох юм.

Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ) ХХК хамтран (2026.09.15) “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” буюу технологи, дэд бүтэц ба давхар бүртгэлийн замын зураглал бүхий хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлалаа.

Тус арга хэмжээнд биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тавинжил, Лондонгийн хөрөнгийн биржийн Анхдагч зах зээл хариуцсан удирдлагууд болох Аюуна Нечаева, Крис Макгахан болон Лондонгийн хөрөнгийн бирж группийн технологийн компанийн удирдлагууд болох Нанжи Сабиха, Мадука Карунаратне нар оролцсон юм.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ойролцоогоор 5 дахин, өдрийн дундаж арилжаа 25 дахин өссөн. Түүнчлэн арилжааны идэвх, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж, олон улсын хөрөнгийн зах зээлтэй интеграцчилагдах чиглэлд томоохон ахиц дэвшил гаргаад байна.

Тухайлбал, Монголын хөрөнгийн зах зээл FTSE Russell-ийн Фронтиер ангилалд албан ёсоор багтаж, МХБ-д бүртгэлтэй компанийн хувьцаа анх удаа тус агентлагийн Фронтиер индексэд багтсан, МХБ-д бүртгэлтэй компаниуд олон улсын биржид давхар бүртгүүлэхээр ажиллаж байгаа зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх чухал алхам юм.

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь дараах хоёр үндсэн чиглэлд төвлөрнө. Үүнд:

  • Технологи, дэд бүтцийн шинэчлэл:

Үнэт цаасны арилжаа, хяналт, төлбөр тооцоо, хадгаламж болон зах зээлийн бусад суурь дэд бүтцийг шинэчлэн, найдвартай, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх;

  • Давхар бүртгэл ба олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх:

Монголын тэргүүлэх компаниудыг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татахад дэмжлэг үзүүлж, давхар бүртгэл хийх боломжийг өргөжүүлэх.

viber_image_2026-09-17_13-04-36-775.jpg

“Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөр нь Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн үе шатны хөгжлийн суурийг тавьж, технологийн шинэчлэл, олон улсын интеграци, давхар бүртгэл болон хөрөнгө оруулалтын урсгалыг нэг стратегийн хүрээнд уялдуулсан урт хугацааны хамтын ажиллагааны замын зураг болох юм.


ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА · Монголын Хөрөнгийн Бирж