MSE
Бусад мэдээ
Үйл явдал

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-07

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн МХБ-ийн үнэт цаасны 7785 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэн, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгож буй "DBM бонд" (Транч 1) өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2026.09.07) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, “Тэнгэр капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Гомбодорж болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид хүрэлцэн ирсэн үнэт цаас гаргагч Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон, мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Хөгжлийн банк бодлогын институцийн хувьд олон нийтэд нээлттэй үнэт цаас гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлд олон талын ач холбогдолтой үйл явдал болж байна.

Нэгдүгээрт, тус банкны гаргаж буй бонд нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн юм.

Хоёрдугаарт, өмнө нь гадаад, дотоодын зах зээлд хязгаарлагдмал хүрээнд хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа санал болгож байсан бол энэ удаа дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийт, иргэдэд нээлттэйгээр санал болгож байна. Ингэснээр үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих тэргүүлэх салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ иргэд, хөрөнгө оруулагчдын дотоодын хөрөнгийн зах зээлд оролцох боломж, итгэлийг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх, өгөөжийн жишиг үзүүлэлттэй уялдсан нөхцөлтэй энэхүү бүтээгдэхүүн нь хөрөнгө оруулагчдад сонирхол татахуйц боломжийг бүрдүүлж байгаа.

Иймд эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг DBM бондын арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргаж буй “DBM бонд” (Транч 1) өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц:

“Өнөөдөр их онцгой өдөр. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсад анх биржийн бус зах зээл буюу OTC market нээгдэж, цан цохиж байсан түүхэн өдөр тохиосноос хойш таван жилийн хугацаа өнгөрсөн байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, үнэт цаасны арилжааны идэвх, хөрөнгө оруулагчдын оролцоо, бүтээгдэхүүний төрөл болон зах зээлийн нийт үнэлгээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 1 их наяд гаруй төгрөгийн нээлттэй арилжаа хийгдсэнээс 44 орчим хувийг компанийн бондын арилжаа эзэлж байна. Энэ нь бонд хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүний нэг болж, бирж болон биржийн бус зах зээлд бондын арилжаа идэвхтэй явагдаж байгааг харуулж байна.

Компанийн бондын арилжаа нээлттэй зах зээлийн институцийн бүтээгдэхүүний талаас 50 орчим хувийг бүрдүүлж байгаа нь андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хууль, аудитын байгууллага зэрэг мэргэжлийн оролцогчдын хамтын ажиллагааны үр дүн юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг үндэсний хөгжлийн санхүүжилтийн институцийн хувьд 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд нээлттэйгээр гаргаж байна. Тус банк өмнө нь олон улсын хөрөнгийн зах зээлээс амжилттай санхүүжилт татаж ирсэн бөгөөд ийнхүү дотоодын зах зээлд нээлттэй бонд гаргаж байгаа нь Засгийн газрын үнэт цааснаас гадна жишиг хүү тогтоох ач холбогдолтой.

Түүнчлэн DBM бондын арилжаа нь банкны үйл ажиллагааны ил тод байдал, хөрөнгө оруулагчдын хяналт, зохистой засаглалыг бэхжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх чухал алхам болно” хэмээн онцоллоо.

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн:

Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгч Та бүхний амар амгаланг айлтгая.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд Хөгжлийн банкинд онцгойлон анхаарч, үйл ажиллагааг нь сэргээх, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

Энэ оны эхний хагаст Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гарч, хөрөнгө оруулагчдад банкны үйл ажиллагаа, санхүүгийн чадавхыг танилцуулан, нийт 750 сая ам.долларын санхүүжилтийг нээлттэй зах зээлээс татан төвлөрүүлсэн. Үүний 30 гаруй хувийг Европ болон Ойрхи Дорнодын тэргүүлэх хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн юм.

Ийнхүү олон улсын зах зээлд амжилттай ажилласны зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.

Тус бондын эх үүсвэрийг төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, нефтийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зэрэг үндэсний эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээн хэлсэн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд тэрээр үнэт цаасны 7785 удаагийн арилжааг нээх ёслол үйлдэн, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА · Монголын Хөрөнгийн Бирж