MSE
Бусад мэдээ
Үйл явдал

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН АНГИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад биржид зочлох, товлосон сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллээ баяжуулах, практик сургалтад хамрагдах, танилцах аялал хийх боломжийг олгодог. 

Энэ дагуу өнөөдөр (2026-10-07) Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн 3-4-р курсийн оюутнууд биржид зочиллоо. 

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан.

Тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн оюутныг “Гүүдсек ҮЦК” ХХК-иас 50,000 төгрөгөөр үнэт цаас авах эрхийн бичгээр урамшууллаа. 

Энэ үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Б.Нандин-Эрдэнийн сэтгэгдлийг сонссон юм.

Тэрээр “Өнөөдөр манай сургуулийн Худалдаа, санхүүгийн чиглэлээр суралцдаг 3, 4 дүгээр түвшний 50 гаруй оюутан Монголын хөрөнгийн биржид зочиллоо. Бид “Худалдааны менежмент” хичээлийн хүрээнд “Биржийн худалдаа” сэдвийг судалж байгаа. Энэ  дагуу Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны талаар илүү дэлгэрэнгүй, бодит мэдээлэл авах зорилгоор хүсэлт гарган ирсэн.

Би дөрвөн жил их сургуульд суралцахдаа байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, практикт суурилсан сургалтад төдийлөн хамрагдаж байгаагүй. Тиймээс өнөөдөр Монголын хөрөнгийн биржид ирэхдээ их догдолсон. Хичээл дээр бирж, хөрөнгийн зах зээлийн талаар онолын мэдлэг авдаг байсан бол өнөөдөр бодитоор ирж, үйл ажиллагаатай нь танилцан, мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл сонссоноор илүү тодорхой, нарийн ойлголттой болж чадлаа.

Одоогоор би өөрөө хөрөнгө оруулагч болж амжаагүй байгаа. Гэхдээ өнөөдөр авсан мэдээлэл, ойлголтдоо тулгуурлан хөрөнгийн зах зээлийг илүү сайн судалж байгаад өөрөө ч мөн хөрөнгө оруулагч болохыг хүсэж байна.

Миний хувьд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг учраас хувьцаа, бондтой холбоотой тооцоолол, санхүүгийн үзүүлэлтүүдийг хичээлээрээ судалдаг. Гэхдээ онолын мэдлэгийг бодит амьдрал, практиктай холбож ойлгох нь өөр юм байна. Өнөөдрийн танилцах сургалтаар өмнө нь зөвхөн хичээл дээр үзэж байсан зүйлсээ бодитоор харж, хөрөнгийн зах зээлийн талаар илүү практик ойлголттой боллоо. Баярлалаа” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН АНГИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО · Монголын Хөрөнгийн Бирж