ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ БОЛОН СЭЗИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАРИМ БАГШ, ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн зарим багш, оюутнууд мөн СЭЗИС-ын Хууль зүйн сургуулийн харьяа "Акси клуб"-ийн гишүүд өнөөдөр (2026.10.23) Монголын хөрөнгийн бирж ХК-д зочиллоо.
Энэ үеэр биржийн Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин биржийн үүсэл хөгжлийн түүхийг танилцуулж, Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн Дэд профессор Д.Баярмаа:
“Өнөөдөр би Хөрөнгө оруулалтын менежмент хичээл судалж буй 50 гаруй оюутан болон манай сургуульд КОЙКА байгууллагаас ажиллаж буй зочин профессор Ким Кён Сүгийн хамт Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

ШУТИС-ийн Менежментийн сургууль болон Монголын хөрөнгийн бирж олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Бид хичээлийн хөтөлбөр, судлагдахууны онцлогт нийцүүлэн оюутнуудаа жил бүр хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцуулдаг. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж нь манай сургуулиас зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагч” зэрэг мэргэжлийн тэмцээн, уралдаанд хамтран ажилладаг.
Оюутнуудын хувьд танхимд онолын мэдлэг эзэмшиж, ном сурах бичгээс судлах нь нэг хэрэг. Харин хөрөнгийн зах зээлийн гол оролцогч байгууллагад биечлэн зочилж, зах зээлийн хөгжлийн түүх, өнөөгийн үйл ажиллагаатай танилцах нь онолын мэдлэгээ практиктай холбон ойлгох, мэргэжлийн сонирхлоо нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Ийм боломж олгосноор оюутнуудын идэвх, оролцоо ч илүү нэмэгддэг” гэдгийг онцолсон юм.
Зочин профессор Ким Кён Сү:

“Би Монголын санхүүгийн зах зээлийн талаар судалж байсан. Монголын хөрөнгийн зах зээл хөгжингүй орнуудын зах зээлтэй харьцуулахад хэмжээний хувьд харьцангуй жижиг зах зээл боловч сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс өсөлт, хөгжлийн эерэг хандлага ажиглагдаж байна.
Түүнчлэн залуу үеийнхэн, оюутнууд хөрөнгийн зах зээлийн чиглэлээр суралцаж, мэдлэг чадвараа хөгжүүлэн, цаашид зах зээлийн идэвхтэй оролцогч болохоор бэлтгэгдэж буйд баяртай байна.
Монголын хөрөнгийн биржийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье” гэв.

СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяа "Акси клуб"
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ