"ШУНХЛАЙ-4" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая ширхэг өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, нийт 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2026.09.22) “Шунхлай” ХХК-аас олон нийтэд санал болгож буй "Шунхлай-4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Шунхлай" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Нямсүрэн болон албаны бусад төлөөллүүд оролцсон.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орон гүйцэтгэгч Д.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Шунхлай ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “Шунхлай-4” нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, хөрөнгө оруулагчид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Тус компани нь хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд 2024 онд нээлттэй хүрээнд 80.0 тэрбум төгрөг, хаалттай хүрээнд 20.0 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг тус тус амжилттай гаргасан. Мөн 2025 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтээс нийт 50.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бондын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн түүхтэй.

Харин энэ удаа 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая ширхэг өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, нийт 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх анхдагч зах зээлийн арилжааг нээх гэж байна. Тус бондыг зээлжих зэрэглэлийн үнэлгээний компани “А” зэрэглэл буюу “Тогтвортой” төлөвтэй гэж үнэлсэн нь хөрөнгө оруулагчдад чухал мэдээлэл юм.
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагч бүхнийг хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож, олон жилийн турш газрын тосны бүтээгдэхүүний хангамж, түгээлтийн салбарт өөрийн байр суурийг бэхжүүлэн ажиллаж ирсэн “Шунхлай” ХХК-ийн “Шунхлай-4” нээлттэй бондын арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна” хэмээн хэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

“Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, тэр дундаа үндэсний томоохон ААН-үүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд гурван жилийн өмнөөс тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хүрээнд Монголын үндэсний худалдаа ажил үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон Монголын хөрөнгийн бирж (МХБ)-тэй хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэн Бондын журмуудад тодорхой хөнгөлөлтүүдийг оруулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн нэгж “Шунхлай” ХХК гурван жилийн өмнө нээлттэй зах зээлд бонд гаргаж байсан бол өнөөдрийг хүртэл нийт гурван удаа бонд гаргаж, нээлттэй зах зээлээс 180 тэрбум төгрөгийг, биржийн бус зах зээлээс 94 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Харин өнөөдөр “Шунхлай-4” бондыг олон нийтэд санал болгож байна. Эндээс харахад хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийн нэмэгдүүлэхэд ААН-үүд санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээр дамжуулан татдаг олон улсын жишигт нийцсэн механизмыг бий болгохын төлөөх оролцогч талуудын хүчин чармайлтын үр дүн гарч байна” гэдгийг онцоллоо.
“Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:
“Эрхэм хүндэт зочид оо! “Шунхлай-4” нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд болон тус бондыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд хамтран ажилласан бүхий л байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.
“Шунхлай” ХХК байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж зах зээлийн хувь хэмжээ, борлуулалтын хэмжээ өсөн нэмэгдэж ирсэн. Бид урьд өмнө нээлттэй, хаалттай зах зээлд бонд гаргаж эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, эргэн төлөлтийн үүргээ 100 хувь амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.
“Шунхлай-4” нээлттэй бондын хүрээнд 100 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй татан төвлөрүүлэхэд зорьж байна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг бидэнтэй нэгдэж, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна” хэмээн хэллээ.

“Голомт Капитал ҮЦК” ХХЗ-ийн Гүйцэтгэх захирал А.Нямсүрэн:
“Хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо энэ өдрийн мэнд хүргэе. “Шунхлай-4” бондыг олон нийтэд санал болгож нийт 100 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлээс татан төвлөрүүлэхээ зарласан. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр үнийн дүнтэй, хувийн компанийн нэг удаагийн анхдагч зах зээлийн арилжаа болж байгаагаараа онцлог юм. Өмнө нь Монголын уламжлалт зах зээлд томоохон төсөл хөтөлбөр, компанийн эргэлтийн хөрөнгийг банкны зээлээр санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр хөрөнгийн зах зээлээр дамжуулж, нэг удаагийн арилжаагаар 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж болохыг та бид харж байна. Энэ бол хөрөнгийн зах зээлийн бодит боломжийг харуулсан томоохон үйл явдал юм” хэмээн тодотголоо.
Үйл ажиллагааны төгсгөлд “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат биржийн 7796 удаагийн үнэт цаасны арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.