MSE
Бусад мэдээ
Үйл явдал

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрийг олон нийтэд танилцуулсан юм.

Эдгээрийн нэгт “Иргэн “Эрдэнэс Тавантолгой”-ХК-ийн 1072 хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно” гэж тусгагдсан.

Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг өнөөдрөөс Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол” сэдвийн хүрээнд олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

Өдөрлөгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Монголын нотариатчидын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг иргэдэд өгч байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг МХБ-ээр арилжаалах нь иргэдэд өөрийн эзэмшлийн хувьцааг зах зээлийн үнээр үнэлүүлэх, шаардлагатай үед хөрөнгө болгон ашиглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн хувьцааны зах зээлийн үнэ тогтож, хөрвөх чадвар нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн идэвх, иргэдийн оролцоо өргөжинө.

Цаашид хөрөнгийн зах зээлээр дамжуулан үндэсний компаниуд урт хугацааны санхүүжилт татах боломж нэмэгдэж, эдийн засгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх давуу талуудтай юм.

Монголын хөрөнгийн бирж нь Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хүрээнд 1072 хувьцааг биржээр арилжих, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой дэд бүтцийн бэлэн байдлыг хангах чиглэрээр холбогдох арга хэмжээг авч, зохих бэлтгэл ажлуудыг хангаж байна.

“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж