"ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ӨМЧЛӨЛИЙН БОДЛОГО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагууд, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон төрийн өмчит компаниудын төлөөлөл өргөн хүрээнд оролцсон юм.
Төрийн өмчийн удирдлагын нэгдсэн бодлогыг тодорхойлох, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар өмчийн бодлогыг зах зээлийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход чиглэсэн “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.05) МҮХАҮТ-нд зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагууд, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон төрийн өмчит компаниудын төлөөлөл өргөн хүрээнд оролцсон юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталснаар төрийн өмчит компаниудын өмчлөл, засаглал, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь шинэчлэх эрх зүйн суурь тавигдаж, олон жил яригдсан реформ бодит хэрэгжилтийн шатандаа орлоо.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зарчмын гурван асуудлыг хөндөнө. Үүнд төрийн өмчлөлийн бодлого, төрийн өмчийн удирдлага, төрийн өмчийн үр өгөөжийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх юм. Товчоор хэлбэл, төр ямар өмчтэй, хэн хэрхэн удирдах, эцсийн үр өгөөж хэнд очих вэ гэдэг нь төрийн өмчит компанийн бодлогыг тодорхойлох замын зураг гэсэн үг.
Шинээр хуулиар төрийн үүрэг, оролцоо маш тодорхой болж байна. Төр өмчлөгч болон зохицуулагчийн чиг үүргээ салгаж, компанийн өдөр тутмын менежментэд оролцохгүй. ТУЗ мэргэжлийн байж, гүйцэтгэх удирдлага бизнесийн үр дүнгээ хариуцна. Мэдээлэл ил тод, хариуцлага бодит байна. Өөрөөр хэлбэл, төрийг компанийн менежерийн ширээнээс босгож, хариуцлагатай өмчлөгчийн суудалд нь авчирна.
Энэ хүрээнд Засгийн газар хуульд заасны дагуу “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-ын төслийг боловсруулж, өнөөдөр та бүгдэд танилцуулж байна.
Өмчлөлийн бодлогыг 2027-2030 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Эдгээр үе шатанд бид компани бүрийн өмчлөлийн зорилго, үндэслэл, үйл ажиллагааны ангиллыг тодорхойлж, засаглалыг сайжруулна, компаниудын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлнэ. Төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгө оруулалтын сангийн багцад төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн нөхцөлд уялдуулан үе шаттайгаар нийтэд санал болгоно. Ингэхдээ бид IPO-г бушуу туулай болж яаравчлан хийхгүй. Эхлээд өр, авлагаа цэгцэлнэ. Аудитаа олон улсын түвшинд хүргэнэ. Менежментээ мэргэжлийн болгоно. Компанийн үнэлгээг өсгөнө. Тэгээд хөрөнгө татна. Яагаад гэвэл зорилго нь компанийн хувьцааг бусдад худалдах биш үнэ цэнийг өсгөхөд оршиж байгаа.
Энэ чиглэлээр олон улсын хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тухайлбал, Franklin Templeton, BlackRock-той байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төрийн өмчит компаниудыг олон улсын аргачлалаар үнэлэх, засаглал, санхүүгийн бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл хангах ажил ид хийгдэж байна” гэдгийг онцоллоо.
Панель хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын Дэд дарга Д.Цолмон ажиллаж, Сангийн Дэд сайд Б.Хулан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон Европын сэргээн босголт хөгжлийн банкний (ЕСБХБ)-ний ОУ-ын зөвлөхүүдийн багийн зохицуулагч Бачу Сорана нар тус хэлэлцүүлгээр салбар тус бүрийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй чиглэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар судалгаа, статистик, хууль эрх зүйн талаас өргөн хүрээнд хэлэлцсэн.
“Монголын хөрөнгийн бирж” ХК Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан:

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2022 онд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийн компани болсон түүхтэй. Үүний дараа банкны салбарын реформын хүрээнд Төрийн банк хувьцааныхаа 5 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож, төрийн өмчит компаниас олон нийтэд нээлттэй компанийн хэлбэрт шилжсэн сайн жишгүүдийг үргэлжлүүлсэн байдаг.
Тухайн үед Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5–6 их наяд төгрөгийн түвшинд байсан бол өнөөдөр 17 их наяд төгрөгт хүрсэн. Хөрөнгийн биржээр арилжаалагдах чөлөөт хувьцааны нийт дүн 2.2 их наяд төгрөг, биржид бүртгэлтэй бондын хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь зах зээлийн өсөлт, хөгжлийг илтгэж байна.
Тэгвэл Засгийн Газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баялгийн тэгш хуваарилалтыг дэмжин төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн компани болгох бодлогын санаачилгыг үргэлжлүүлэн УИХ-аар “Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай” хэлэлцүүлэг болж байгааг бид талархан дэмжиж байна. Энэхүү бодлогыг дагаад төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржид бүртгүүлж, IPO хийхэд Монголын хөрөнгийн бирж бэлэн эсэх асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Мэдээж энэ асуудалд зах зээлийн багтаамж чухал ач холбогдолтой. Бид 2023 онд системийн нөлөө бүхий таван банкны IPO-г зохион байгуулж, нийт 454 тэрбум төгрөгийн хөрөнгө амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн 2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан туршлагатай. Эдгээр нь манай биржийн арилжааны системийн хүчин чадал, зах зээлийн багтаамжийг харуулсан бодит жишээ юм. Гэхдээ бас дотоодын хөрөнгийн зах зээлийн нэг сул тал нь богино хугацааны хөрөнгө оруулалт давамгайлж, урт хугацааны, институциональ болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо хангалтгүй байгаа явдал юм. Иймд зах зээлд шинэ, сонирхолтой бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын багцуудыг нэвтрүүлж, дотоод, гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг татах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, бидний өмнө бэлтгэх, хэрэгжүүлэх ажил цөөнгүй бий.
Системийн хувьд Монголын хөрөнгийн бирж 2011 оноос Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын 39 хөрөнгийн биржид ашиглагддаг MIT арилжааны платформыг нэвтрүүлэн ашиглаж ирсэн. Одоо бид арилжааны системийн дараагийн үе шатны шинэчлэлийг хийж, ирэх онд шинэ системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Лондонгийн хөрөнгийн бирж манай бирж дээр бүртгэгдсэн хувьцаанууд дээр хадгаламжийн бичиг (DR) гарган хөрөнгө татах боломжтойг бидэнд мэдэгдсэн. Давхар бүртгэлийн хүрээнд бид бас томоохон ажлуудыг ирэх онд төлөвлөж байна” хэмээн онцоллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ