ӨМНӨГОВЬ АЙМАГТ ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох, эрсдэлийг үнэлэх, хувийн санхүүгээ хариуцлагатай удирдахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл хүргэж ажиллав.
Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг”-ийг (2026.10.24) Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хороо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ын Бизнесийн сургууль хамтран зохион байгуулсан тус өдөрлөгөөр иргэдэд санхүүгийн зах зээлийн боломж, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн шийдвэрээ зөв гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, "Монголын хөрөнгийн бирж" ХК болон холбогдох бусад байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээний үеэр санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, үнэт цаасны арилжаанд оролцох боломж, даатгал болон банк бус санхүүгийн салбарын хөгжил, зээлийн мэдээллийн сангийн талаарх мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултад мэргэжлийн зөвлөгөө, тайлбар өгсөн.

Түүнчлэн эрсдэлийн удирдлага, финтек технологийн хөгжил, санхүүгийн зөв хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан таниулав. Эдгээр нь иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох, эрсдэлийг үнэлэх, хувийн санхүүгээ хариуцлагатай удирдахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах боломж бүрдүүлснээрээ ач холбогдолтой байлаа.

Эх сурвалж: https://frc.mn/#/view/12056
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ