ЧИКАГОГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ (CME) БОЛОН PHILLIPCAPITAL ГРУППТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ВОРКШОП ЗОХИОН БАЙГУУЛНА

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, салбарын холбоод, уул уурхайн компаниуд, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч, худалдан авагчид болон бусад сонирхогч талуудыг тус вебинарт оролцохыг урьж байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Вебинарын хүрээнд олон улсын түүхий эдийн үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа, үнэ тогтох механизм, жишиг үнэ бүрдэх үйл явц, клиринг, зах зээлийн зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаарх олон улсын туршлагыг танилцуулна.
Монгол Улс нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын томоохон олборлогч, экспортлогч орны хувьд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай тул энэхүү эрсдэлийг бууруулахын тулд фьючерс болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай.
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа нь худалдагч, худалдан авагч болон бусад зах зээлийн оролцогчдод үнийн эрсдэлийг удирдах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зах зээлийн ил тод байдал, бодитой үнэ тогтох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Вебинарын эхний өдөр CME Group-ийн түүхий эдийн зах зээлийн бүтэц, үйл ажиллагаа, клиринг болон харилцагч талын эрсдэлийн удирдлага, зах зээлийн зохицуулалт, үнийн хэлбэлзлийн хязгаар, мөн CME Globex цахим арилжааны системд хэрэгжүүлдэг эрсдэлийн хяналтын арга хэрэгслүүдийг танилцуулна.
Хоёр дахь өдөр спот, форвард болон фьючерс хэлцлийн ялгаа, тэдгээрийн практик хэрэглээ, фьючерсийн зах зээлээр дамжуулан үнийн эрсдэлийг удирдах арга механизм, фьючерсийн үнэ биет түүхий эдийн зах зээлийн жишиг үнэ бүрдэхэд гүйцэтгэх үүргийн талаар танилцуулахаас гадна зэсийн фьючерс, олон улсын зэсийн үнэ болон жишиг үнэ тогтох механизм, биет нийлүүлэлт, чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаар мэдээлэл хүргэнэ.
Монголын хөрөнгийн бирж нь 2023 оноос уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд цаашид Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Иймд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, салбарын холбоод, уул уурхайн компаниуд, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч, худалдан авагчид болон бусад сонирхогч талуудыг тус вебинарт оролцохыг урьж байна.
Арга хэмжээний мэдээлэл:
Огноо, цаг:
2026.10.21-ний өдрийн 14:00–15:50;
2026.10.22-ны өдрийн 14:00–15:30 (Улаанбаатарын цагаар)
Хэлбэр: Цахим
Хэл: [Англи хэлээр / Монгол орчуулгатай]
Бүртгэл: Воркшопд энд дарж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй хөтөлбөртэй энд дарж танилцана уу