“Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлсэн.
Кампанит ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаар анх удаа хувьцаа, бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэдийн бүртгэл үүсгэж, өнөөдөр (2025.04.22) Эрдэнэс Тавантолгой ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой болон зарим Үнэт цаасны компаниудтай хамтран “Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” зохион байгууллаа.
Сургалт дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:
-
Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт
-
Эрдэнэс Таван толгой” ХК-ийн санхүү, үйл ажиллагаа
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК”-ийн хувьцааны бүртгэл, ногдол ашгийн хуваарилалт
-
Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай болон арилжаанд оролцоход анхаарах зүйлс
Сургалтын талаар иргэн Д.Э хэлэхдээ:
Өнөөдөр энэ танхимд хөрөнгийн зах зээлийн талаар янз бүрийн ойлголт, мэдээлэлтэй хүмүүс цугласан байна. Миний хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажилладаг ганц байгууллага гэж ойлгож ирсэн. Тиймээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн зах зээлийн үр өгөөж зэрэг бүх л мэдээлэл, тооцоолол, судалгаа энд байдаг гэж ойлгодог байлаа. Гэтэл хөрөнгийн зах зээлийн зохицуулагч, оролцогч байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Төр, хувийн хэвшлийн олон байгууллага байдаг юм байна.
Гэхдээ зах зээлийн нийгэмд хөл тавиад дөнгөж дөнгөж 30 болж байгаа ард иргэдэд ийм хэмжээний зохион байгуулалт хийж, мэдлэг мэдээллээр хангана гэдэг том дэвшил. Яагаад гэвэл бидэнд үнэндээ энэ талын мэдлэг, ойлголт хангалтгүй байна.
Тиймээс хойшид зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гэлтгүй олон хувьцаат компани, үнэт цаасны компани, хөрөнгийн зах зээлийн зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургалтынхаа агуулгыг илүү баяжуулж, шат дараатай өргөжүүлээсэй гэж хүсч байна" гэв.
"Монголын хөрөнгийн бирж" ХК сургалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож дараагийн сургалтын тов, холбогдох мэдээллийг хүргэх болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ