Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо журмыг батламжилсан өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой харилцаа нь дээрх шинэ журмаар зохицуулагдах болно.
Энэхүү журмын шинэчилсэн найруулгаар гадаадад бүртгэлтэй хуулийн этгээд монголын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах, монголд бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах буюу давхар бүртгэл, хувьцааны бүртгэлийн I, II, III гэсэн 3 ангилал, бүртгэлтэй компаниудын тогтмол биелүүлэх үүрэг буюу мэдээллийн ил тод байдлыг хангах, компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх талаар нэмэлт асуудлуудыг зохицуулж өгсөн бөгөөд бүртгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын жишигт нийцүүлээд байна. Түүнчлэн МХБ-д үнэт цаас бүртгүүлэх хугацаа богиносч, биржид төлөх төлбөр, хураамжийн хэмжээ буурсан.
Хувьцааны бүртгэлийн I ангилалд нэр хүндтэй, зах зээлийн үнэлгээ /ЗЗҮ/ өндөртэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашиг орлоготой ажилладаг компаниуд багтах бол II ангилалд 1.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний ЗЗҮ-тэй, жилийн хугацаанд хэрэглэх эргэлтийн хөрөнгөтэй, 2-оос дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан дунд зэргийн компаниуд бүртгэгдэнэ. Харин III ангилалд шинэлэг санаа бүхий, эрсдэл өндөртэй, жижиг, дунд хэлбэрийн компаниуд, эсхүл хайгуулын, ашиглалтын лиценз бүхий уул уурхайн компаниудын хувьцааг бүртгэн арилжих боломжтой болох юм. Уг III ангилалд гол төлөв мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцох боломжтой ба тус ангилалыг шинээр бий болгож байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг нээж өгсөн, тэдний үйл ажиллагааг дэмжсэн явдал юм.
Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ