Үнэт цаасны арилжааг идэвхжүүлж, хөрвөх чадварыг сайжруулахад мэргэжлийн дилерийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй байдаг. Хэдийгээр Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд нь брокер болон дилерийн давхар эрхтэй байдаг боловч ихэнх үйл ажиллагаа нь зөвхөн брокерийн буюу харилцагчийн даалгавраар үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг биелүүлэх чиглэлээр хязгаарлагдаж байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагч хүссэн үнэт цаасаа худалдан авч чадахгүй эсвэл өөрийн эзэмшлийн үнэт цаасаа хүссэн цагтаа зарж чадахгүйд хүрдэг бөгөөд энэ нь нийт зах зээлийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж ирсэн. Тиймээс Монголын хөрөнгийн биржээс 2015 оны 2 дугаар сарын 16-наас эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтэц болох “Market Makers” буюу “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа ба өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаас “БиДиСек”, “Стандарт инвестмент”, “Тэнгэр капитал”, “Капитал маркет корпораци” зэрэг 4 компани “Итгэмжлэгдсэн дилер”-ийн батламж авч, гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүний хүрээнд Засгийн газрын үнэт цаасанд “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлж байгаа юм. Ингэснээр “Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд Монголын хөрөнгийн биржийн арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаас худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах бөгөөд үнэт цаасны хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах эсвэл төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж нээгдэж, анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар нь нэмэгдэх боломж бүрдэх юм.
Ирээдүйд “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог компанийн хувьцаа, үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дашрамд дурдахад 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжигдаж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар нийт 74 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдаж олон нийтийн эзэмшилд байна. Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлүүлээд байгаа билээ.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ