Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангартай бид ярилцлаа. АНУ-ын Төв Арканзасын их сургуульд бакалавр, Их Британийн Ливерпүүлийн их сургуульд олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрээр Хөрөнгийн биржийн захирлын ажлыг авахаас өмнө Сангийн яаманд 10 орчим жил ажилласан туршлагатай юм.
Хөрөнгийн зах зээл уналттай байсан цаг үед мэргэжлийн чадварлаг хүн Монголын хөрөнгийн биржийг удирдаж байж энэ зах зээл сэргэх ёстой гэсэн хүлээлт өндөр байлаа. Төрийн Өмчийн Хорооны удирдлагад байхдаа улстөрийн голдуу томилгоо хийгдэж ирсэн Монголын хөрөнгийн бирж Сангийн яамны удирдлагад шилжсэн нь ийнхүү мэргэжлийн санхүүч биржийн удирдлагаар томилогдох боломжийг олгосон гэж ойлгож болох уу?
Миний хувьд 2002 онд Сангийн яаманд анх ажилд орж Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс хойш аль ч сайд, удирдлагын үед өөрт оноогдсон ажил үүргээ чанарын өндөр гүйцэтгэлтэй, хариуцлагатайгаар гүйцэтгэхийг л зорьж ирснээс бус аливаа улс төрийн нам, улс төрчдийн нөмөр нөөлөгт явсангүй. Ж. Эрдэнэбат сайдыг оруулаад найм дахь Сангийн сайдын удирдлага дор хамтран ажиллаж байна.
Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа доголдож дампуурлын ирмэгт тулсан байсан тул Засгийн газрын зүгээс 2014 оны 5 сард шуурхай шийдвэр гарган Хөрөнгийн биржийн удирдлагыг Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн юм билээ. Ийнхүү Сангийн яамны зүгээс надад итгэл, хариуцлага хүлээлгэснээр миний бие энэхүү албанд томилогдсон. Энэхүү томилгооны ард бүхэл бүтэн төрийн яамны нэр хүндийн асуудал яригдах учраас миний зүгээс өөрт ирсэн өндөр хариуцлагыг ухамсарлаж, үр дүнг бодит ажлын гүйцэтгэл, өөрчлөлтөөр харуулахыг л зорин ажиллаж байна.
Та ажлаа аваад 8 сар болжээ. Энэ хугацаанд биржийн үйл ажиллагаа сэргэж, арилжаанууд идэвхижиж байгаа нь өдөр тутмын мэдээллүүдээс тод харагдаж байна. Сэргэлтийг цаашид эрчимжүүлэхэд юу хамгийн чухал байна вэ?
Хөрөнгийн зах зээл гэдэг нь аливаа улсын хөгжлийн гол тулгуур байдаг. Засгийн газраасаа авахуулаад аж ахуйн нэгжүүд нь өөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олон нийтээс татан төвлөрүүлж урт хугацаат хөгжлийн болон бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлдэг гол талбар нь хөрөнгийн зах зээл байдаг. Олон нийт нь эргээд байнгын хяналтын тогтолцоог бүрдүүлдэг. Үүнийг банкны зээл эсвэл бусад санхүүжилтийн хэлбэр орлох боломжгүй байдаг. Харин манай улсын хувьд хөрөнгийн зах зээл нь сонгодог утгаараа хөгжиж эхлээгүй л байна. 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбараар дамжсан өмч хувьчлалаар үүссэн хувьцаа л арилжигдахаас бусдаар шинэ бүтээгдэхүүн алга. Шаардлагатай дэд бүтэц нь ч хийгдээгүй байна. Олон нийт ч ойлгож, сонирхож эхлээгүй байна. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн итгэлийг сэргээх, зах зээлийг идэвхижүүлэхээс ажлаа эхлүүлэх шаардлагатай нь харагдсан. Намайг ажлаа авах үед буюу өнгөрсөн оны 6-р сард Монголын хөрөнгийн бирж нь ганц хувьцаа гэсэн бүтээгдэхүүн арилжаалж, өдрийн дундаж гүйлгээ нь 10-20 сая төгрөгийн хооронд хэмжигдэж байсан. Тиймээс нэн тэргүүнд Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулан арилжаалж байгаа байдлыг өөрчлөх ёстой гэж үзсэн. Биржийн хувьцаа эзэмшигч болох Сангийн яаманд асуудлыг хөндөн тавьсан. Маш шаргуу хөөцөлдөж, шаардагдах бүхий л бэлтгэл ажлыг хангасны эцэст буюу ердөө 3 сарын дотор бид Засгийн газрын үнэт цаасны тодорхой хэсгийг биржээр дамжуулан арилжаалдаг болсноор өнөөдрийг хүртэл нийт 80 орчим тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалаад байна. Өөрөөр хэлбэл өмнөхтэй харьцуулахад биржийн арилжааны үнийн дүн хэдэн арав дахин өсч, өдрийн дундаж арилжааны дүн 1.5 тэрбум төгрөгт хүрсэн юм.
Засгийн газрын үнэт цаас буюу бондын арилжаа Хөрөнгийн биржид орж ирснээр арилжаа сэргэсэн гэлээ. Гэхдээ энэ нь Хөрөнгийн биржийн үндсэн ажил мөн үү?
Засгийн газрын үнэт цаас буюу бонд нь хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн юм. Засгийн газрын үнэт цаасны хүү нь тухайн улсынхаа хувьд “benchmark” буюу суурь хүү болдог. Суурь хүүн дээр үндэслэж бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд санхүүжилт босгох боломж, өртөг зардал болон эрсдлээ тооцоолдог юм. Тиймээс аливаа улсын Засгийн газар нь дотоодын бондын зах зээлийг хөгжүүлж Засгийн газрын үнэт цаасны хүүг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлздэг нь ийм учиртай юм. Засгийн газрын үнэт цаасны хүү бага байх нь мэдээж тухайн Засгийн газартаа ашигтайгаас гадна хамгийн гол нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт босгох боломжийг нээж, зардлыг бууруулдаг чухал ач холбогдолтой юм. Сүүлийн үед бусад улсын Засгийн газрын үнэт цаас нь хасах хүүтэй болсон. Төрдөө мөнгө зээлүүлснээрээ хүү авах биш харин хүү төлдөг болсон.
Гэтэл манай улсын хувьд хамгийн суурь зарчим нь алдаатай байгаа нь харагдсан. Засгийн газар нь бондоо зах зээлийн зарчмаар бус харин Монголбанкин дээр хэдхэн арилжааны банкны дунд арилжиж байна. Хоёрдогч зах зээлийг хөгжүүлээгүй, хөгжүүлэх ч сонирхолгүй явж ирсэн байна. Ердөө 4-5 банк л үнэ өгснөөр Засгийн газрын үнэт цаасны хүүг буюу Монгол Улсын суурь хүүг тогтоож иржээ. Үүний бодит эрсдэл нь суурь хүү зах зээлийн бодит ханшаас гажуудах эсвэл хүүг зохиомлоор өсгөх явдал юм. Банкууд өнгөрсөн оны 6 сард дунджаар 9%-тай байсан Засгийн газрын үнэт цаасны хүүг ердөө 3-4 сарын дотор 16-18% хүртэл нь өсгөсөн. Банкууд 2.2 их наяд төгрөгийн Засгийн газрын дотоод үнэт цаасыг (Чингис бондоос тусдаа) эзэмшиж байна. Засгийн газрын үнэт цаасны үндсэн болон хүүгийн зардлыг төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс тэргүүн ээлжинд санхүүжүүлдэг. Тэгэхээр хүүг өсгөх нь хэнд ашигтай байсан нь ойлгомжтой. Эдийн засаг хүндрэлтэй, ихэнх аж ахуйн нэгжүүд алдагдалтай, зарим нь хаалгаа барьж байхад банкны сектор 2014 онд дангаараа 330 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа нь тэдэнд бусдаас илүү давуу тал олгосонтой л холбоотой.
Харин өнгөрсөн 11 дүгээр сараас Засгийн газрын үнэт цаасны зарим хэсгийг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээр зарим нааштай үр дүнгүүд ажиглагдаж эхэлсэн. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хөрөнгийн зах зээлд 150 орчим шинэ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар үүсч 80 орчим тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авсан байна. Манай дотоодын хууль тогтоомжоор 50-с дээш оролцогч байвал зах зээл гэж үздэг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас анх удаа дотооддоо зах зээлийн зарчмаар арилжигдаж эхэлсэн гэж үзэж болно. Хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 1 дүгээр сард албан ёсоор эхлүүллээ. Ямар ч байсан зах зээл хөдөлж эхэллээ. Одоо үүнийг улам идэвхжүүлэх, оролцогчдын тоог нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд 2015 оны улсын төсөвт тусгагдсан Засгийн газрын үнэт цаасны хүүнд төлөх 700 гаруй тэрбум төгрөгийг хэдхэн банк биш харин олон нийт хувааж хүртэх боломжтой болно. Энэ бол зөвхөн эхлэл.
Үнэхээр суурь хүүг бодитоор тогтоож, аж ахуйн нэгжүүд санхүүжилтийнхээ эрсдэлийг тодорхойлох боломжийг нь нээж өгдөг ач холбогдолтой юм бол арилжааны банкаар биш харин 100% Хөрөнгийн биржээр засгийн газрын үнэт цаасыг арилжаалж болдоггүй юм уу? Ингэж чадвал хөрөнгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүний арилжаа ч сайжирч, жинхэнэ утгаараа итгэл эргэн сэргэх биш үү?
Тэгэлгүй яахав. Эхний ээлжинд зарчмын маш том өөрчлөлт бий болно. Засгийн газар нь Хөрөнгийн бирждээ итгэж өөрийн бондыг тэнд арилжина гэдгээс л эхний өөрчлөлт гарч ирэх юм. Засгийн газар нь өөрөө дотооддоо санхүүжилт босгохдоо хөрөнгийн зах зээлдээ бус харин хэдхэн банкинд ханддаг явдлыг өөрчлөх нь бусад этгээдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Магадгүй бид анзаарахгүй явж ирсэн байна, гэхдээ Засгийн газрынхаа итгэлийг олоогүй Хөрөнгийн биржид олон нийтийг, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулна гэдэг нь ямар ч логикгүй асуудал шүү дээ. Тиймээс л Засгийн газрын үнэт цаас 100% Хөрөнгийн биржээр олон нийтэд ил тод арилжигдах асуудлыг л бидний зүгээс сүүлийн хэдэн сар ярилаа. Тодорхой зүйлийг ч эхлүүллээ. Арилжааг ил тод болгож оролцогчдын тоог нэмэгдүүлснээр сүүлийн гуравхан сарын дотор Засгийн газрын үнэт цаасны хүүг 2 хүртэл хувиар бодитойгоор бууруулж энэ хэмжээгээр улсын төсвийн зардал хэмнэгдэх нөхцлийг бүрдүүллээ.
Гэхдээ асуудал дуусаагүй байна. Эсэргүүцэл маш их байна. 2014 оны 12 сарын 10-нд Санхүүгийн зохицуулах хорооноос нэр бүхий 11 арилжааны банкинд олгосон байсан Засгийн газрын үнэт цаасыг бусдад зуучлах брокерийн эрхийг цуцалсан. Энэ нь хөрөнгийн зах зээлийг сэргээх, биржийн арилжааг идэвхижүүлэхэд маш чухал шийдвэр байсан юм. Тухайн үед Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс үнэхээр зоригтой шийдэл гаргасан. Биржийн арилжаа ч огцом нэмэгдэж байлаа. Арилжааны банкууд ч ерөнхийдөө Засгийн газрын үнэт цаас авахдаа Монголбанкнаас бус харин Хөрөнгийн бирж рүү ирдэг болж эхэлж байсан юм. Харамсалтай нь Санхүүгийн Зохицуулах Хороо 2015 оны 1-р сарын 14-ний хурлаар өмнөх шийдвэрээ цуцалж арилжааны банкуудын зуучлах эрхийг дахин сэргээсэн. Ингэснээр огцом нэмэгдэж байсан Хөрөнгийн биржийн арилжаа энэ 2 сараас эхлээд буцаад удаашрах талдаа орсон. Банкууд болон бусад томоохон хөрөнгө оруулагч нар эргээд Монголбанкруу явсан. Хүү ч эргээд өссөн.
Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэж аль ч Засгийн газрын үед ярьдаг. Харамсалтай нь нэгдсэн, бодитой бодлогын дэмжлэг үзүүлж байсангүй. Одоо ч гэсэн тийм л дүр зурагтай хэвээрээ л байна. Магадгүй биржийн зүгээс асуудлаа зөв ойлгуулалгүй явж ирж. Ер нь эхний ээлжинд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл төрийн институцууд, тэр дундаа Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк нэгдсэн нэг бодлоготой болох хэрэгтэй. Тэгж байж л хөрөнгийн зах зээл хөгжих хөрс бүрдэнэ. Нэг нь нэг ажил эхлүүлэхээр нөгөөх нь дэгээдэж унагаагаад байвал хөрөнгийн зах зээл дахиад 20 жил болсон ч энэ хэвээрээ л үлдэнэ.
Монголбанкинд хуулиар хүлээлгэсэн ганц үүрэг бий, тэр нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Гэтэл төгрөгийн ханш түүхэн доод хэмжээндээ хүрч, тогтвортой байдал алдагдсан энэ үед Монголбанк Хөрөнгийн Биржтэй Засгийн газрын үнэт цаасны арилжаа булаацалдаж буй нь туйлын зохисгүй юм. Харин ч бодлогын хувьд Хөрөнгийн биржээ дэмжих ёстой. Гэхдээ Сангийн яамны зүгээс энэ 6 сарын 1-нээс Засгийн газрын үнэт цаасны арилжааг 100% Хөрөнгийн биржид шилжүүлэх талаар бидэнд мэдэгдсэн. Энэ бол том боломж. Ингэснээр зах зээл идэвхжиж, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэнээр бусад санхүүгийн хэрэгслүүд, тухайлбал компанийн хувьцаа болон бонд, бараа бүтээгдэхүүн болон валютад суурилсан үүсмэл хэрэгслүүд Хөрөнгийн биржээр арилжигдах боломж нээгдэнэ.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд итгэлцэл буюу ил тод байдал амин чухал. Таны хувьд ч ил тод байдалд нилээд ач холбогдол өгч байх шиг байна. Ямар өөрчлөлтүүд хийх зорилт тавиад байна вэ?
Хөрөнгийн зах зээл нь харилцан итгэлцэл дээр тогтдог учраас бүхий л үйл ажиллагаа нь ил тод, иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц байх ёстой. Ил тод байдлыг бид өөрсдөөсөө эхлэн ханган ажиллах зорилт тавьсан. Тухайлбал авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг хэрэгжүүлж ажилласан байдлаараа төрийн өмчит компаниуд дотроосоо шалгарч 2014 оны эцэст Авлигатай тэмцэх газраас “засаглалын сайн санаачлага”-ын өргөмжлөл хүртлээ. Мөн биржид бүртгэлтэй хамгийн том 20 хувьцаат компанитай засаглалын ил тод байдлын талаарх санамж бичиг байгуулж, мэдээллийг нь илүү нээлттэй болгох ажлыг эхлүүлээд байна. Мөн Хөрөнгийн биржийн арилжаанд “MSE ALL” нэгдсэн индексийг нэвтрүүлснээр хувьцаа цөөн тоогоор арилжигдаж ханшийг огцом хөдөлгөж бодит байдлаас гажуудуулж байсныг залруулан зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх нөхцлийг бүрдүүллээ. Топ-20 индекс маань үнэхээр тооцооллын гажуудалтай байсныг олон жил засаж залруулсангүй явж ирж. Мөн “Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, бүх төрлийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлснээр 2-хон өдөрт 6500 гаруй хүнд хүрч үйлчилж чадлаа. Иргэдэд олон жил хуримтлагдаж, тулгамдаад байсан олон асуудлыг нь шийдэхгүйгээр цаашдын хөгжлийн асуудлыг ярих боломжгүй юм.
Саяхан таны хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан. Хөрөнгийн биржид эзэнгүй 11 тэрбум төгрөг байсныг ил болгосон талаар. Үнэхээр энэ мөнгө эзнээ хүлээгээд олон жил болсон хэрэг үү. Ямар учиртай мөнгө юм бэ?
Хөрөнгийн биржид биш харин “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит компанид хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт эргэж тараагдах ёстой 11 тэрбум төгрөг өнөөг хүртэл хадгалагдаж байгааг л олон нийтэд зарласан юм. Нээлттэй хаалганы өдрөөр ирсэн 6500 хүний ихэнх нь 11 тэрбум төгрөгийн сургаар өөрийн ягаан цэнхэр тасалбарын үлдэгдлийг шалгуулахаар ирсэн байсан нь хөрөнгийн зах зээлийн үндсэн нэг байгууллага маань өөрөө ямар их асуудалтай байгааг илтгэсэн хэрэг. Энэ нь сүүлдээ хөрөнгийн зах зээлийн хөгжилд чөдөр тушаа болж байна. Уг нь Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа болон төлбөр тооцооны нэгжүүд нь хамтдаа байсныг 2003 онд хоёр тусдаа байгууллага болгон өөрчилсөн юм билээ. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК болж тусгаарласан нэгж нь хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах нэрийн дор хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын мөнгийг өөрсдөөс нь хүртэл нууж байсан нь үнэхээр харамсалтай. Энэ 11 тэрбум төгрөг тус байгууллагын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар нь угаасаа олон нийтэд ил болно.
Ер нь Хөрөнгийн бирж болон “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” гэсэн хоёр байгууллага тусдаа салангид байгаа нь энэ зах зээлийн ажлын уялдааг алдагдуулж хөгжлийн хурдацыг маш ихээр сааруулж байгаа нь тодорхой. Энэ хоёр байгууллагыг нэгтгэх талаарх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн 9 сард гарсан боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй л байна. Харамсалтай нь зөв ажлыг гацаах, шийдвэр гаргагчдыг худлаа мэдээллээр төөрөгдүүлж сурсан хүмүүс энэ зах зээлд маань оршсоор л байна. Хоёр байгууллагыг нэгтгэх шийдвэрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс болж олон ажил мөн л гацаж удааширч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хэрэгжиж эхлэх ёстой байсан төлбөр тооцооны T+1 горим бас л хэрэгжиж чадалгүй хойшиллоо. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлагын үед эхлүүлэхийг зорьсон том ажлын нэг. Зах зээлд оролцогчид ч их хүлээж байсан. Гэвч нөгөө л “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс тухайн горим хэрэгжиж эхлэхээс ердөө 15-хан минутын өмнө тэдний бэлтгэл ажил хангагдаагүй, T+1-ийг хэрэгжүүлэх боломжгүйг Шриланкийн MIT компаниар дамжуулж бид мэдсэн. Маш хариуцлагагүй үйлдэл. Лондонгийн Хөрөнгийн биржтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй нь бас л дээрхтэй холбоотой.
Сүүлийн 3 жилийн турш алдагдалтай ажилласан Хөрөнгийн бирж өнгөрсөн 1-р сард 50 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Нөгөө талаас Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өр бүрэн барагдсан уу? Ер нь биржийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Санхүүгийн байдал нь маш хүнд нөхцөлд би Хөрөнгийн биржийн тамгыг хүлээн авсан. Ажлаа хүлээн авснаас хойш 4 сарын дараа бирж маань цалингаа тавьж чадалгүй дампуурах нь тодорхой байсан. Ажлаа авсан даруй гаргасан эхний бодлогын даалгавар маань хэрхэн маш богино хугацаанд зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх шийдлийг олох явдал байлаа. Тиймээс 2014 оны 8 сараас Хөрөнгийн бирж хэмнэлтийн горимд шилжсэнээр энэхүү ажил маань эхэлсэн юм. Шаардлагагүй бүх зардлыг танаж, томоохон худалдан авалтуудыг зогсоож, байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгаснаар 4 сарын хугацаанд нийт зардлын гүйцэтгэлийг 23%-р бууруулж чадсан юм. Хамт олноороо хэлэлцэн дэмжиж цалингаа 30 хувиар бууруулсан. Энэхүү санаачлагыг дэмжиж Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд маань хүртэл цалингаа 30 хувиар бууруулсан юм шүү. Гэсэн ч нөгөө талаар үйл ажиллагааны орлого хангалттай нэмэгдэхгүй байснаас бирж маань банкны дансандаа ердөө 30 сая төгрөгтэй үлдэж байлаа. Харин Засгийн газрын үнэт цаасны арилжаа 11 дүгээр сараас биржид хийгдэж эхэлснээр орлогын эх үүсвэр нэмэгдсэн юм. Сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан Хөрөнгийн биржийн санхүүгийн сахилга батыг сайжруулснаар 2015 оны 1 дүгээр сард анх удаа 50 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ жилийн хувьд Хөрөнгийн бирж ашигтай ажиллах зорилт тавин ажиллаж байна. Хувьцаат компани гэдэг нь ямар ч нөхцөлд ашигтай ажиллахыг тэргүүн зорилт болгон ажиллах учиртай.
Лондонгийн Хөрөнгийн биржтэй холбоотой өр төлбөрийн хувьд эхний ээлжинд дотоодын арилжааны банкууд болон Үндэсний татварын газартай холбоотой хөрөнгийг төсвөөс гаргуулан авч энэ 2 сард бүрэн барагдууллаа. Цагаан сарын өмнө хугацаа хэтэрсэн өрнөөсөө бүрэн салсан. Бусад төлбөр энэ оны төсөвт тусгагдаад явж байгаа. Нэг зүйл анзаарсан бол 2011 онд Хөрөнгийн бирж маань өөрөө арилжааны банкуудаас зээл авсан байгаа юм. Санхүүжилт босгосондоо биш харин хэлбэрийн хувьд зарчмын зөрчилтэй л асуудал. Зүй нь Хөрөнгийн бирж бонд гаргаж хөрөнгийн зах зээлээсээ санхүүжилтээ босгох ёстой байсан юм. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломжтойг Хөрөнгийн бирж өөрөөсөө эхлүүлэн харуулах учиртай юм. Гэтэл Засгийн газар нь, дээр нь Хөрөнгийн бирж нь өөрсдөө арилжааны банкинд хандаж зээл авч санхүүжилтээ шийддэг орчинд олон нийтийг хөрөнгийн зах зээлд орохыг уриалах нь бас л логикийн зөрчилтэй.
Төрийн өмчийн хувьчлалын асуудал ид яригдаж байна. Тухайлбал эрчим хүчний болон бусад чиглэлийн цөөнгүй аж ахуйн нэгжийг хувьчлахдаа тодорхой хувийг нь Хөрөнгийн биржээр хувьцаа хэлбэрээр арилжих асуудал ч хүчтэй яригдаж эхэллээ. Нөгөө талаас бирж өөрөө 100% төрийн өмчийн эзэмшлийн байх нь ч зах зээл хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж үзэж Монголын Хөрөнгийн Биржийг ч хувьчлах асуудал анхаарал татаж байна. Эдгээр асуудлууд дээр таныг байр суурь ямар байна вэ?
Төрийн өмчит компаниудыг хувьчилж засаглалд нь салхи оруулах нь маш зөв. Үүнийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах нь ч хамгийн зөв шийдэл. Гэхдээ үүнийг хамгийн ил тод, нээлттэй, хариуцлагатай, ойлгомжтой байдлаар зохион байгуулах ёстой. Ягаан, цэнхэр тасалбарын хувьчлал шиг олон нийтэд ойлгомжгүй зүйл дахин хийвэл хэдхэн хүний олз болоод л дуусна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжил дахин 20 жилээр хойшилно гэсэн үг. Хөрөнгийн биржийн аливаа үйл ажиллагаа нь ил тод байдал, хариуцлагатай байж л олон нийтийн итгэл үүснэ.
Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танай биржийн үйл ажиллагаа цаашид илүү амжилттай байхыг хүсэн ерөөгөөд ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
Эх сурвалж: "Four Seasons Melody" сэтгүүл №18